Хилийн хориг үйлчилдэггүй хүн зөндөө бий

Огноо: 2020-02-12

Ямар тохиолдолд хилийн хориг тавьдаг вэ гэхээр эрүүгийн хэрэгт шалгагдсан сэжигтэн, яллагдагч Монгол Улсын хилээр гадагш гарч болзошгүй мэдээлэл авагдсан тохиолдолд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаас оргон зайлахаас сэргийлэх зорилгоор тухайн сэжигтэн яллагдагчид хилийн хориг тавьж, гадаад улсад зорчих эрхийг нь хязгаарладаг байна. Ер нь Эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцогдсон, яллагдагчаар татагдсан этгээд нь улсын хилээр нэвтэрч болзошгүй байдаг. Ийм тохиолдолд эрх бүхий байгууллагын хүсэлтийг үндэслэн хангалттай баримт байна гэж үзвэл хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд гадаадад зорчих эрхийг нь түр түдгэлзүүлэхарга хэмжээ авах тухай УПЕГ-аас Хилийн хориг тавих, цуцлах журам 2015 оны есдүгээр сарын 3-ны өдрөөс хэрэгжиж эхэлжээ.

Харин жилийн дараа буюу 2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн Монгол Улсын 5391, гадаадын 191нийт 5582иргэн бүртгэлтэй байсан бол ялын хугацаа дууссан, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн зэрэг хуульд заасан үндэслэлээр Монгол Улсын 298, гадаадын 21, нийт 319 иргэнийг Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцлажээ. Үүнд: Прокурорын байгууллагын шийдвэрээр Монгол Улсын 164 иргэн, гадаад улсын 13 иргэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр Монгол Улсын 128 иргэн, гадаад улсын хоёр иргэн, Шүүхийн шийдвэрээр Монгол Улсын болон гадаадын тус бүр зургаан иргэн хамрагдсан байна.

Мөн иргэд болон нийгэмд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг хийчихээд гадаадын улс орон руу оргон зугатах үйлдэл гаргах нь олонтаа. Ингэж харь орон руу оргон зугтах явдлыг Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс манлайлдаг. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Т.Бадамжунай гээд жагсаалт хөвөрнө. Ер нь төрд зүтгэх тангараг өргөж, томоохон албан тушаалд томилогдсон зарим нэгэн эрх мэдэлтэн өөрийн эрх мэдлээ ашиглаж, хээл хахууль авч, улс орондоо их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэл нь илрээд ирмэгц, хариуцлагаас мултарч, амиа хоохойлон хил давж оддог зуршил тогтсон. Үүнийг зогсоож, тэдэнд хариуцлага хүлээлгэхийн тулд хилийн хориг тавьж, өөрөөр хэлбэл, хөл хорихыг оролддог.

Авлига авсан Х.Оргил-Эрдэнэд хилийн хориг тавьжээ

2020 он гарсаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт хилийн хориг тавьсан бол, хамгийн сүүлд буюу энэ сарын 9-нд авлигын хэрэгт холбогдоод байгаа Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс хилийн хориг тавиад байна. Батлан даалтад гараад байгаа түүнд хилийн хориг тавих саналыг Нийслэлийн прокурорын газраас хэд хэдэн удаа тавьсан ч дэмжигдээгүй байсан юм. Түүнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд БНХАУ-ын иргэдээс 20 мянган юанийн авлига авч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь илрүүлж, баривчилсан байдаг. Харин түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан “Миний үйлчлүүлэгч авлига аваагүй. Төрийн албан хаагчийг ёс зүйгүй харагдуулах гэсэн үйлдлийн золиос боллоо. БНХАУ-ын иргэд түүний өрөөнд баглаатай юм орхиод гарсан юм билээ. Тэр нь мөнгө байсныг мэдээгүй” гэсэн ярилцлага өгч байлаа.

Д.Дорлигжавыг улсын хилээр гаргахгүй

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарыг АТГ-аас шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулж 2019 оны нэгдүгээр сарын 9-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Дорлигжав нарт нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан удаатай. Сарын дараа тэднийг батлан даалтад гаргаж, хэргийг шүүхээр хэлэлцэж дуустал хилийн хориг тавьсан. Харин өмгөөлөгч Д.Оросоо Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж, Д.Дорлигжавын хилийн хоригийг цуцлуулах хүсэлт гаргажээ. Өмгөөлөгчийн хүсэлтийг тус шүүхийн шүүгч энэ сарын 7-нд хэлэлцээд хилийн хоригийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Хуульзүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос дөрвөн сая ам.долларын хахууль авсан асуудлаар шалгагдаж байгаа бөгөөд шүүхээр хэргийг эцэслэн шийдтэл хилийн дээс алхах эрхгүй болоод байна.

Үүнээс гадна Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Кёкүшюүзан Д.Батбаяр болон түүний эхнэр МУГЖ Т.Баясгалан нарыг хилээр гаргахгүй байх захирамжийг өнгөрөгч баасан гаригт гаргажээ. Ингэснээр тэдэнд хилийн хориг тавьсан гэсэн үг юм.

Хориг тавьсан ч хориогүй мэт харьд одогсод

Ерөнхий сайд асан С.Баярыг Монгол улсын хилээр гарахыг хориглосон гэж хуулийнхан хэлдэг. Гэвч нөгөө хилийн хориг тавиулсан С.Баяр нь аль хэдийнэ хилийн цаана оччихсон Сингапурт казинод автомат машинаар тоглосон шигээ зугаацаж явсныг олон нийт шүүмжилдэг. Үүний адил хилийн хориг тавиулсан Ч.Сайханбилэг өмгөөлөгчөөрөө дамжуулан “Солонгост очиж биеэ эмчлүүлэх шаардлагатай тул хилийн хоригийг цуцалж өгнө үү” гэсэн өргөдлийг шүүхэд гаргаж, ёсоор болгомогц нь хилийн чинадад зугатаж одсон. Оны өмнөхөн ирнэ гэсэн авч одоо болтол байхгүй байгаа түүнийг Интерполоор хайлгах дээрээ тулсан.

Мөн хуулийн байгууллага дуудсан цагт зангиагаа зүүгээд, гутлаа тослоод очихоо мэдэгдэж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хилийн хоригийг тоолгүйгээр харьд одоод удаж байгаа. Энэ мэтчилэн эрх мэдлээ ашиглаж, идэж уучихаад, эх орныхоо баялгийг ханцуй дотроо нууж зарчихаад, хариуцлага хүлээх болохоор харьд одогчдыг яавал зохилтой вэ.

Эх сурвалж: medee.mn