Орост олборлох салбарынхан хамгийн өндөр цалинтай

Огноо: 2020-03-24

РИА Новости агентлагийн явуулсан судалгаагаар олборлох үйлдвэрлэл, уул уурхай, санхүү, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс хамгийн өндөр цалин авч байгаа ажээ. Бүс нутгийн хувьд авч үзвэл Сахалин муж, Москва хот, мөн Ямало-Ненецийн автономит тойрогт хөдөлмөрийн хөлсний үнэлгээ өндөр байна.

Өнгөрсөн 2019 онд Орос даяар цалингийн хэмжээг 9,1 хувь орчмоор нэмж, дундаж цалинг 41 мянган рубль хүргэсэн. Энэ нь хуулиар ногдуулсан хувь хүний албан татварыг төлсний дараах цалин юм. Хэдийгээр ийнхүү цалинг нэмэгдүүлсэн ч бүс нутгийн нөхцөл, онцлогоос шалтгаалан Оросын өнцөг булан бүрт цалингийн хэмжээ харилцан адилгүй байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн онд Сахалинд цалингийн дундаж хэмжээ бараг 15 хувиар, мөн өөр 10 гаруй мужид 10 орчим хувиар нэмэгдсэн байхад Хакасид бараг нэмэгдээгүй байна.

Мөн салбараар авч үзвэл цалин хөлсний хэмжээ  харилцан адилгүй байна. Өнгөрсөн оны байдлаар загас агнуурын салбарт цалин хөлсний хэмжээ нэмэгдэж, газрын тос олборлох, боловсруулах салбарт буурсан ч газрын тосны салбарын цалин хамгийн өндөрт тооцогдсон хэвээр байна. Газрын тосны салбарын ажлын хөлс оёдлын салбартай харьцуулахад долоо дахин өндөр байгаа юм.

Уг судалгаанаас харахад байгалийн баялаг ихтэй, түүнийгээ олборлодог мужуудад ажлын хөлс өндөр байгаа нь ажиглагджээ. Нүүрс болон газрын тос олборлодог 14 муж цалин хөлсний хэмжээгээр толгой цохиж байна.

Олборлох салбарын араас санхүүгийн салбарынхан, мөн оюуны хөдөлмөр эрхлэгчид хөдөлмөрөө өндөр үнэлүүлж чадаж байгааг судалгаа харууллаа.

Эх сурвалж: РИА НОВОСТИ