Зимбабвед халдвар авсан гурван хүний нэг нь нас барлаа

Огноо: 2020-03-24

Зимбабве улсад коронавирусийн гурван тохиолдол илэрснээс нэг хүн нас барсан байна. Нас барсан иргэн Зороро Макамба хэмээх 30 настай телевизийн нэвтрүүлэгч байжээ.

Түүнд гуравдугаар сарын 12-ны өдрөөс ханиадны шинж тэмдэг илэрсэн тул нийслэл Хараре хотын Уилкинс эмнэлэгт тусгаарлагдсан байна. Ес хоногийн дараа буюу өнгөрсөн бямба гарагт шинжилгээгээр түүнээс коронавирус илэрчээ.

Макамба Нью-Йоркт хоёрдугаар сарын  29-ний өдөр очиж, гуравдугаар сарын 9-ний өдөр гэртээ ирсэн байна.

Түүнээс эхлээд ханиадны хөнгөн шинж тэмдэг илэрсэн бөгөөд долоо хоногийн дараа эмчдээ хэлэхэд өөрийгөө тусгаарлахыг зөвлөжээ. 

Зимбабвед халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд 50-иас дээш тооны хүн нэг дор цуглахыг хоригложээ

Эмнэлэгт хүргэгдэхдээ тэрбээр амьсгалын дутагдалд орсон байжээ. Тэрбээр булчин сулралын архаг өвчтэй байсан ба өнгөрсөн жил хавдар авахуулах мэс засал хийлгэсэн байна. 

Зимбабве улсын Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва өчигдөр хилээ хааж буйгаа зарласан бөгөөд зөвхөн өөрийн улсын иргэдээ хүлээн авна гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд 50-иас дээш тооны хүн нэг дор цуглахыг хориглож, шөнийн цэнгээний газар, спортын ордон, усан сангуудыг хаасан байна.

Эх сурвалж: CNN