АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үндэсний хэмжээнд онц байдал зарлав

Огноо: 2020-03-22

Тус улсын Халдварт өвчинтэй тэмцэх төв өвчний тархалтын талаар судалгаа явуулж 4 төрлийн төсөөлөл гаргасан байна. Судалгаанд оролцсон эрдэмтэд тархалт цаашид нэмэгдэнэ гэдэгт санал нэгдсэн бөгөөд дэлхий даяар хамгийн багадаа 160-214 сая хүн өвчний халдвар авч 0.2-1.7 сая хүн нас барна гэж тооцжээ.

Өвчний тархалтыг хязгаарлах, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Конгресс ба Цагаан ордон зөвшилцсөний эцэст “Коронавируст өртөгсдөд тусламж үзүүлэх хууль”-ийг батлав. Ингэснээр халдвар авсан болон бусад шаардлагатай иргэдэд 2 долоо хоног хүртэлх хугацаанд цалинтай чөлөө олгох, 90 хүртэлх хоног хэвтэн эмчлүүлэх, даатгалгүй иргэдийг вирусийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, тэдний хүнсний хангамжийг сайжруулах болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэмэлт санхүүжилт зэрэг асуудлыг шийдвэрлэжээ.

Мөн боловсролын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, холбооны нөөцийн сангаас газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахаар болов. Эргээр арга хэмжээнд нийт 50 орчим тэрбум ам.доллар зарцуулах урьдчилсан тооцоо гаргаад байна. Түүнчлэн АНУ-ын засаг захиргаанаас коронавирусийн шинжилгээг эрчимжүүлж сэжигтэй тохиолдол бүрийг шинжилгээнд хамруулахаар болов. Хүн амын төвлөрөл их Нью Йорк хотод “явуулын шинжилгээний төв” ажиллуулж эхэлсэнтэй холбогдуулан ойрын хугацаанд өвчний тохиолдол нэмэгдэж болзошгүй байна.

Д.Трамп АНУ-ын эдийн засаг хүндрэлд орж болзошгүй талаар мэдэгдсэний дараа хувьцааны зах зээлийн индексүүд 12 хувиар унав. АНУ-ын засаг захиргаа улсын хэмжээнд хөл хорио тогтоох, Канадтай хиллэх хилээ хаах асуудлыг хөндөх шаардлагагүй гэж үзэж байна.

Иргэд хүнсний болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн бөөнөөр нөөцөлж байгаагаас гадна вирусийн тархалтын улмаас үүдсэн айдастай холбоотойгоор галт зэвсгийн худалдан авалт нэмэгдсэн байна. Энэ нь арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй холбоотой байж болзошгүй тул тус улсад оршин сууж буй Монгол иргэд сонор сэрэмжтэй байх нь зүйтэй юм.

Эх сурвалж: ТЕГ