Дэлхий даяар нэг минутад

Огноо: 2020-02-11
Цахимыг сонгох уу, аль эсвэл…

Дэлхий даяар нэг минутад юу болж өрнөдөг вэ? Минут тутам дэлхий дээр 255 хүүхэд мэндэлдэг бол 116 хос хуримладаг. Энэ богино хугацаанд хүн ойролцоогоор 12 удаа нүдээ цавчдаг бол бяцхан Колибр шувуу далавчаа 4000 удаа дэвдэг гэсэн сонирхолтой статистик бий. Мөн нэг минутад дэлхий даяар 2800 орчим ухаалаг гар утас зарагдаж, “Google”-ээр 4 сая хайлт хийгддэг ажээ.

Тэгвэл Монголд нэг минут хэр үнэ цэнэтэй бол? Замын хөдөлгөөний түгжрэл дунд нэг байтугай минут зогсох нь хэвийн үзэгдэл болсон гэдгийг бид мэднэ. Ямар нэгэн үйлчилгээ авахын тулд нэжгээд минут хүлээх нь ч бас гайхахаар зүйл биш. Эмнэлэгт хүлээлгийн танхимд, банкинд дараалалд зогсох, ер нь хаа нэгтээ, энд тэнд дугаарлаж үйлчлүүлэхэд бид ямар их цагийг үр ашиггүй, дэмий өнгөрүүлдэг билээ. Дугаарлах дуртай хүн байхгүй. Үнэндээ энэ эрэлт хэрэгцээг дагаад орчин үеийн үйлчилгээний арга хэлбэрүүд хэдийнэ өөрчлөгдөж эхэлсэн. Ялангуяа банк санхүүгийн салбарыг онцолж дурдмаар байна.

Улаанбаатарт ажиллаж амьдардаг иргэн Бат Увсын Тэс суманд суугаа аав руугаа утсаар ярихаас ч хурднаар мөнгө шилжүүлж байгаа нь, нялх хүүхэдтэй, гэрээсээ гарч чадахгүй ээж банк орох шаардлагагүйгээр гар утаснаасаа байрны төлбөрөө хийчихэж буй нь яах аргагүй дэвшил биш гэж үү. Цаг мөнгө хэмнэсэн ухаалаг үйлчилгээг XXI зууны иргэд сонгох болсон. Энэ бол эрэлт, бас хэрэгцээ. Саяхны нэг судалгаанаас харахад Монгол Улсын хэмжээнд хоёр хүн тутмын нэг нь мобайл банк, гурван хүн тутмын хоёр нь интернэт банк ашигладаг гэжээ. Тэгэхээр монголчууд бэлэн бус төлбөр тооцоо, ухаалаг үйлчилгээг хэрэглээд хэдийнэ хэвшсэн гэсэн үг.