“Covid-19” Токиогийн олимпод саад учруулах уу?

Огноо: 2020-02-14

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон “Токио 2020” 32 дахь удаагийн Зуны олимп, Паралимпийн наадам эхлэхэд таван сарын хугацаа үлдээд байна. Гэхдээ дэлхий даяар тархаад буй “Covid-19” халдварыг олимпийн наадамд нөлөөлөх болов уу гэсэн асуулт урган гарч ирж байна.

Энэ талаар “Токио 2020”-ийн зохион байгуулах хорооны дэд дарга Тоширо Мүто шинэ төрлийн коронавирусийн тархалт удахгүй болох олимпийн наадмыг тасалдуулах вий гэхээс санаа зовниж байна хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан юм. Тэрбээр маргааш нь хэлсэн үгээ эрс өөрчлөн “Олимпийн наадам хуваарийн дагуу зохион байгуулагдах болно” гэж хэлсэн байна.

Түүнчлэн “Токио 2020” олимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт “Токио-2020” олимп, Паралимпын наадмын хуваарьт нөлөөлөхгүй гэж өчигдөр /2020.02.13/ дахин мэдэгджээ. Тэрбээр Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ төлөөлөгчидтэй хийх хоёр өдрийн уулзалтынхаа эхэнд ийнхүү мэдэгдсэн байна.

ОУОХ-ны Зохицуулах хорооны дарга Жон Коутс шинэ төрлийн коронавирусийг “гэнэтийн асуудал” хэмээн нэрлээд, Токиогийн Олимпийн наадмыг зохион байгуулагчид Японд ирэх тамирчид, жуулчдад зориулан урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Мөн тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо “ДЭМБ-аас дэлхий даяар онц байдал зарласнаас хойш олимпийн наадмыг зохион байгуулах төлөвлөгөөнд ганц ч өөрчлөлт ороогүй гэдгийг мэдэгдэж байна” хэмээн өнгөрсөн долоо хоногт хэлжээ.

Дээрх уулзалтын үеэр Японы Засгийн газар, Токио хотын засаг захиргаа шинэ төрлийн коронавирусийн эсрэг авах арга хэмжээний талаар мөн хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Токио хотод зуны улиралд хэт халдагтай холбогдуулан Олимпын марафон гүйлт, спорт алхааны тэмцээнүүдийг хойд зүгийн Саппоро хотод зохион байгуулахтай холбоотой зардлын асуудлуудыг уг наадмыг зохион байгуулагчид ОУОХ-ны төлөөлөгчидтэй хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

“Токио 2020”-ийн тасалбар тавдугаар сараас худалдаалагдана

Олимпын наадмын тасалбарыг гадаадын улс орнуудын иргэд тавдугаар сарын дунд үеэс худалдан авах боломжтой болно гэж тус наадмыг зохион байгуулах хороо мэдээлжээ. Ирэх долдугаар сарын 24-нөөс эхлэх олимпын наадмыг үзэж сонирхохын тулд Японыг зорихоор төлөвлөж буй хүмүүс наадмын тасалбаруудыг албан ёсны цахим хуудсууд болон гэрээт борлуулагчдаас худалдан авах боломжтой.

Токиогийн Олимпын тасалбарын эхний хоёр цахим сугалааны үеэр 4,48 сая гаруй тасалбарыг япончууд өөрсдөө хэдийнэ худалдан аваад байгаа ба зохион байгуулагчид тасалбарынхаа нийт тооны талаар мэдээлээгүй байгаа аж. Одоогоор есөн сая гаруй тасалбар худалдаанд гаргах төлөвтэй байна. Харин Паралимпийн тасалбарыг хэзээнээс худалдаалж эхлэхээ шийдээгүй байгаа аж.

Японд нөхцөл байдал ямар байна вэ?

Шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19” халдвар нь дэлхийн 25 оронд тархаад байгаа боловч нийт халдвар авагсдын бараг 99 хувь нь хятад хүмүүс буюу Хятад улсын нутаг дэвсгэр дээр тэр тусмаа Хубэй мужид байгаа юм.

Харин Япон улсад өнөөдрийн /2020.02.14/ байдлаар коронавирусийн халдварын 247 тохиолдол бүртгэгдээд байгаа Хятадын дараах хамгийн том халдвар тархсан улс орон болоод байна. Үүнд Токио хотоос 30 километрийн зайд орших Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон хөлөг онгоцны зорчигч, хөлгийн багийнхан нийлсэн 219 хүн багтаж байгаа юм. Харин бусад хүмүүсийн хувьд ихэвчлэн Хятад улс руу аялаад ирсэн япон хүмүүс байгаа аж. Тус улсад халдвар авсан анхны хүн нас барсан талаар өчигдөр албаны хүмүүс мэдээлжээ.

“Токио 2020” олимпын наадамд 200 орчим орны 11000 гаруй тамирчин оролцож, ойролцоогоор 600 мянга орчим гадаадын зочид, төлөөлөгч үзэгчид ирнэ гэсэн тооцоо байна. Паралимпийн наадам наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-ны хооронд болох ба 4400 орчим тамирчин өрсөлдөнө. Ерөнхийдөө хүний нягтаршил их байх тул вирус тарах таатай нөхцөл болно гэсэн үг. Зарим судлаачид олимпийн наадам зохион байгуулагддагаараа зохион байгуулагдана. Гэхдээ вирусийн тархалт наад зах нь наадмыг зорин ирэх жуулчдын тоонд нөлөөлөх болно гэж үзэж байна.

Зарим эрдэмтдийн тооцоогоор шинэ төрлийн коронавирусийн тархалт хоёрдугаар сард оршил үедээ хүрээд, дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд намжих байдалд орно гэж тооцоолж байгаа. Тиймээс нөхцөл байдал хаашаа эргэхийг хэлэхэд дэндүү эрт байна гэж зарим судлаачид үзэж байна.

Эх сурвалж: news.mn