Covid-19: Нас барсан хүний тоо 1487, эдгэсэн хүний тоо 6953 болжээ

Огноо: 2020-02-14

Шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19” халдварын улмаас нас барсан хүний тоо өнөөдөр өглөөний /2020.02.14/ байдлаар 1487 байгаа бол эдгэсэн хүний тоо 6953 болжээ. Харин нийт халдвар авсан хүний тоо дэлхий даяар 64214, зөвхөн Хятад улсад 64132 байна.

Хятадаас гаднах халдварын хамгийн том голомт болоод буй Япон улсад шинэ коронавирусийн халдвартай эхний хүн өчигдөр /2020.02.13/ нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Кацүнобү Като мэдэгджээ. Энэ нь эх газрын Хятадын гадна халдвартай хүн нас барсан гурав дахь тохиолдол болж байгаа юм. Нас барсан хүн нь Канагава мужийн оршин суугч, 80 гаруй насны эмэгтэй аж. Талийгаач коронавирусийн халдвартай байсан ч энэ нь үхлийн шалтгаан болсон эсэхийг эцэслэн батлаагүй байгааг Кацүнобү Като онцолсон байна.

Хятадын гадна хүн нас барсан анхны тохиолдол хоёрдугаар сарын 2-нд Филиппинд бүртгэгдсэн юм. Нас барсан хүн нь Ухань хотоос ирсэн, Хятадын иргэн, 44 настай эрэгтэй байжээ. Хоёр дахь хүн нь үүнээс хоёр хоногийн дараа Хонгконгод нас барсан 39 настай эрэгтэй байсан юм. Тэрбээр халдвар авахаасаа өмнө Хубэй мужид зорчиж байсан нь батлагджээ.

Эх сурвалж: GUARDIAN