Ерөнхийлөгч эвгүйтэв

Огноо: 2021-04-19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болсныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар шийдвэрлэв. Үүнээс өмнө Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан “болсон”, “болоогүй” гэх маргаан өрнөсөөр өнгөрөгч баасан гарагт дунд суудлын хуралдаан болж өнгөрсөн юм. Ер нь бол сүүлчийн ганц алтан боломж нь тэр байсан гэж ойлгож болно. УИХ дахь МАН-ын бүлэг парламентад 62 суудалтай. Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг 15 хоногт парламент дэнслэнэ. Одоогийн Ерөнхийлөгчөөс “салах”  бүрэн эрх нь эрх баригч намд бий. Тэд цэцийн шийдвэрийг Их хурал дээр хүлээж авах кноп дарснаар эцэслэгдэнэ. Ингэснээр Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших асуудалд эцсийн цэг тавигдах юм.

Гэхдээ Ерөнхийлөгч тийм амар “боорцог” биш. “Парламентын гишүүдийн тал хувь нь гэмт хэрэгтэн” хэмээн цоллож байсан тэрээр эрх баригч намын гишүүдийг гартаа оруулах, улмаар тухайн асуудал дээр нь дөрөөлж Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй байх алхам хийлгэхэд анхаарлаа хандуулна. Нэг үгээр хэлбэл гишүүдийг “төмсөгдөх” операци явагдана. Гэсэн ч “Буцаж яваа хүн ирэх ирж яваа цагийн дууг дуулдаггүй” гэдэгчлэн түүний шахалтад орох гишүүд бараг олдохгүй болов уу. Явж явж УИХ дахь Ерөнхийлөгчийн буюу Ардчилсан намын бүлгийн хэдэн гишүүд дэмий бухимдаад өнгөрөх биз. Олонх нь цөөнхөө дарж унадаг нь бичигдээгүй хууль. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж байхад, түүнээс ч өмнө хамгийн гол хөзрөө халаасандаа хийлгүй аархсан Ерөнхийлөгчийг тойрон хүрээлэгчид одоо харамсаад ч нэмэргүй.

Тэгэхээр Ерөнхийлөгч ерөнхийдөө маш эвгүй байдалд орлоо. Сөрөг хүчний намаас Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр, Ж.Эрдэнэбат мөн Н.Номтойбаяр нарыг нарсанд суулгасан хэмээх явган яриа түүний эсрэг чиглэнэ. Ардчилсан намаас сонгогдож байсан Төрийн тэргүүн маань өөрийн намын хүмүүс болох М.Энхсайхан, С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Б.Болор, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт ял өгүүлсэн гэх чулуу түүн рүү шидэгдэнэ. Дөрвөн жил ярьсан оффшор бүсээс нь нэг ч төгрөг орж ирээгүй гэдгээс эхлэн түүний сонгуулийн амлалт салхинд хийссэнийг ярих нь гарцаагүй.

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн хүрээнд гал авалцсан нэг чулуу шидэгдсэн нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Б.Сүндэръяа шалгуулахаар цагдаад өгсөн гэх дуулиан байв. Наанаа ил гарч шидсэн чулууг цаана нь өөр хүн дүүгүүрдэж байсныг Б.Сүндэръяа цахим орчинд өөрийн байр суурийг илэрхийлэхдээ онцоллоо. Манай монголчуудын эмэгтэй хүнийг дээрэлхсэн, доромжилсон эрд хэзээнээс дургүй байдаг сэтгэлзүйн онцлог дээр тоглолт хийх гээд Ерөнхийлөгчийн ойр тойрныхон тусыг эс олов. Б.Сүндэръяа өөрийн цахим хуудаснаа “2020 оны УИХ-ын сонгууль дууссан ч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болох учраас тэр өдрөөс хойш жил гаруй хугацаанд намайг худалдаж авах гэсэн хүмүүсийн санал баримтуудыг би цуглуулсаар байсан юм. Өмгөөлөгчдөө дор бүр нь ийм баримтуудаа явуулж мэдэгдсээр явсан. Гэтэл үүнийг улстөржүүлж намайг ашиглах гэсэн оролдлогууд удаа дараа ирэх нь тасрахгүй байна.

Мөнхбаясгалан эгчээ. Би таны “Цензургүй ярилцлагад орохгүй ээ. Хаагдсан байсан “Цензургуй яриа” нэвтрүүлгээ сонгуулийн өмнө надад зориулж буцаж нээж, намайг оруулах ямар ашиг сонирхол танд байна вэ. Би дараагийн Сарангэрэл болмооргүй байна. Намайг сонгуульдаа ашиглаж өрсөлдөгч намаа харлуулах гэж битгий оролдооч ээ гуйя. Urug.mn сайтын Болорчимэгээ намайг уучлаарай. Танай редакцийг би олон зуун зуун хохирсон охидын төлөө #metoo хөдөлгөөнд нэгдэж байна гэж ойлгож талархаж суулаа. Х.Баттулга гэж хүнтэй сонгууль дуустал хаалтын гэрээ хийснийг тань өчигдөр л мэдлээ.  Үүнийг би танай ажилтнаас авсан шүү. Миний дүү би охин үртэй хүн болохоор чамайг болон бусад хохирогч охидуудыг бодоод үнэнг хэллээ гэсэн. Эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийн хүчирхийллийн эсрэг бус өрсөлдөгч намынх нь эсрэг ажиллах төлөвлөгөөтэй Х.Баттулга гэж хүнийг гаргахын тулд бүхнийг цэвэрхэн хийж байгааг ойлголоо.

Би ингэж бичихээс өөр гарцгүй болж байна аа Шижирээ (ЕТГ-ын газрын дарга). Чи бид хоёр хэн хэн жаахан хүүхэд байхдаа танилцаж байсан сайхан танилууд. Наад заваан улстөрчид чинь өөрсдийн эрх ашгийн төлөө залуучуудыг ашиглаж өмнөөсөө шоронд хүртэл суулгадаг адгийн амьтад гэдгийг эрх биш мэдэх байх. Найз нь чиний амьдралыг хайрлаж байна. Энэ оролдлогуудаа зогсоохгүй бол би илүү ихийг чиний тухай дэлгэх болно шүү. Сонгуулиа надаас холуур хийчих тэгэх үү. Найз Нарааг маань мөн битгий энэ заваан улс төрдөө ашигла. Тэр та нарыг бодвол хүн чанартай хүн. Хэцүү үед минь тулга болсон хүн. Харин Х.Баттулгыг тойрсон та нар муу хүмүүс.

Буурал А.Гансүх ахаа! Та Ерөнхийлөгчдөө хэлж ойлгуул, надаар улс төр хийхээ боль. Үгүй бол эхнэр Золоогийн тань ч чат надад бий шүү. Зөндөө хүнээр санал тавиулж байна. Та бүхний мөнгө надад хэрэггүй ээ” гэсэн байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазараар дамжуулан сонгуулийн улс төр хийх гэж байсныг түвэггүй харагдаж байна. Цаашид хэн нэгнээр дамжуулан хэдэн улс төрчийг ийм байдалд оруулан нийгмийн сэтгэлзүйг бухимдуулахыг таашгүй. МАН-ын дарга У.Хүрэлсүхийг харлуулахын тулд ямар ч зохион байгуулалттай ажил явагдахыг одоогоор таах арга алга. Б.Сүндэръяагийн бичсэнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийн болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн талаар ямар нэг баримт дэлгэгдэх нь. Нэг үгээр хэлбэл мэхт мэхэндээ гэдэг шиг үйл явж өрнөхөд ойрхон байна. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн ойр тойрны хүмүүсийн элдэв бичлэг цацагдах болов. Хуульч Б.Баасанцогтын шүүгч, АТГ-ын ажилтнуудтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гаргаж буй авир, тэрбээр данснаасаа нэр бүхий хүмүүс рүү илгээсэн мөнгөн гүйлгээний баримт, ЕТГ-ын дарга Ө.Шижирийн хадмынхаа хаалгыг өшигчиж байгаад цагдаад очсон бичлэг ил болсон. Тэд үүнийг зүгээр нэг хараад өнгөрөх хүмүүс биш. Нэг хэсэг мөн ЕТГ-ын ажилтнууд ОХУ-аас 20 сая ам.доллар тээвэрлэн Монголд ирсэн гэхчилэн мэдээллүүд гарсан ч одоогоор сураг алдраад байна. Сонгууль хүртэл сонирхолтой бичлэгүүд дэлгэгдэж, сонгууль хүртэл хэдэн хүн золиос болохыг таашгүй.

Ерөнхийлөгчийн зүгээс аргаа барахдаа шинэ батлагдсан Үндсэн хуулийн хүрээнд зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэдэг хувилбар руу шилжиж байна. Нэгэнт л дахин нэр дэвших эрхгүй болбол ядаж нэмээд хоёр жил суух нь түүнд ашигтай. Тиймээс энэ хувилбарыг УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржоор яриулж, дэмжүүлэх чиглэлд ажиллаж эхлээд байна. Гэх мэтчилэн өдрөөс өдөрт буух цаг нь ойртож буй Ерөнхийлөгчийн толгойны өвчин маш их байгаа юм. Он гарснаас хойшх Ерөнхийлөгчийн ойр тойрныхоны асуудал, тавьсан хориг нь парламентын босго давалгүй бүдэрсэн, элдэв янзын бичлэгүүд гэхчилэн Х.Баттулга Ерөнхийлөгчийн ойр тойрныхон барцадтай байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН