АНУ ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авчээ

Огноо: 2021-04-16

Сангийн яамны авсан хоригууд

  • Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг 10 дипломат ажилтныг нутаг буцаахаар болжээ. Тэдний дунд Оросын тагнуулын албаны төлөөлөгчид байгаа гэж АНУ үзэж байна.
  • Сангийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд Оросын өртэй холбоотой зарим гүйлгээнд хориг тавих, АНУ-ын эсрэг кибер орчинд хорон ажиллагаа явуулах Оросын тагнуулын байгууллагын хүчин чармайлтыг дэмжсэн технологийн компанийн эсрэг хориг арга хэмжээнүүд багтаж байгаа аж.
  • Тухайлбал, Төв банк, Үндэсний баялгийн сан, Сангийн яамнаас 2021 оны 6 дугаар сарын 14-нөөс хойш гаргасан бондыг шууд эзэмшихийг АНУ компаниуддаа хоригложээ.
  • Түүнчлэн кибер салбарт дайсагнасан ажиллагаа явуулах, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа явуулсантай холбогдуулан Оросын хувь хүн, хуулийн этгээдүүдийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авах боломжтойг тусгасан гүйцэтгэх захирамжид Ж.Байден гарын үсэг зуржээ.
  • Мөн АНУ-ын Сангийн яам ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон хэрэгт холбогдуулан 16 байгууллага, 16 хувь хүнд хориг арга хэмжээ авсан байна.
  • Тэдний дунд Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэргүүн дэд дарга Алексей Громов, сэтгүүлч Александр Малькевич, Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан Денис Тюрин, Орос, Украины улс төрийн зөвлөх Константин Килимник нар байжээ. 
  • Крымтэй холбоотой 8 хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг авсан хориг арга хэмжээнд Засгийн газрын гишүүд багтжээ. Тодруулбал, “Мостотрест” компанийн ерөнхий захирал Леонид Рыженькин, “Ленпромтранспроект” компани, “Беркакит – Томмот – Якутск” чиглэлийн төмөр замын барилгын ХК багтсан байна.
  • ОХУ-ын бизнес эрхлэгч Евгений Пригожинтой хамтран ажиллаж буйтай холбогдуулан “Транс-Логистик”, “Алкон”, “Юнижет” компаниудыг хоригийн жагсаалтад оруулав.
  • Үүнээс гадна өөр хэд хэдэн компани, мэдээллийн агентлагуудад хязгаарлалтын арга хэмжээ үйлчлэх аж.

Хориг арга хэмжээ авах болсон шалтгаан

  • “SolarWinds” компанид үйлдэгдсэн кибер халдлагын ард Оросын тагнуулын байгууллага байсан гэж үзэж, шинэ хориг арга хэмжээ авчээ.
  • Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн Оросыг дахин буруутгав.
  • Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах боломжийг тусгасан захирамжид Ж.Байден гарын үсэг зуржээ. ОХУ-ын “засгийн газрын дайсагнасан үйл ажиллагаа” нь үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засагт аюул учруулж байгаа нь ийм арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна гэж үзжээ.