Сурвалжилга: Ногоон эмнэлгийн “алтан гартан”-ууд

Огноо: 2020-02-12

Мөрдэс зүүсэн, хос тангарагтай эмч нар долоо хоногийн эхний өдрийг тун цэрэгжилттэйгээр эхлүүлдэг аж. Ингээд тэдний ажил 08.30 цагт албан ёсоор эхэлнэ. Түрүүхэн цэрэг хувцастай алхаж явсан эмч нар цагаан халадаараа жигдрэн тус тусын ажилдаа шамдацгаав.


 “Эх орны манаа” сонины сурвалжлагч, дэслэгч М.Уранбайгаль

“Мэс засал явагдаж байна” гэх хаалганы гадна үхлээс бяцхан охиноо, хайртай гэр бүлийнхнээ харамлаж, бурхны дүрээр бууж ирсэн алтан гарт эмч нарт итгэл найдвар хүлээлгэн суусан үе миний амьдралд хэдэнтээ тохиолдож байлаа. Тэр үед цаг хугацаа зогссон мэт дэндүү түгшүүртэй. Мэс заслын өрөөний хаалганаас харцаа ч салгаж үл чадна. Зөрж өнгөрөх эмч, сувилагч бүрийг хэл дуулгах болов уу гэх горьдлогын нүдээр харж, хагалгаа дуусах цагийг хүлээх хичнээн хэцүүг сэтгэлээрээ мэдэрч явсан, би. Харин хагалгаа дуусахад эмчийн амнаас “амжилттай” гэх ганцхан үгийг сонссон даруйд сэтгэлийн их амар амгаланг эдэлдэг билээ. 

Яг ийм сэтгэл зүйтэйгээр мэс заслын хаалганы гадна хүлээж зогссон бол энэ удаад тэр хаалганы дотор юу өрнөж байдгийг сурвалжлахаар Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийг зорив. Тус эмнэлэг Хилийн 0242 дугаар салбар гэх статустайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Эмнэлгийн эмч, сувилагч нь та бидэнтэй адилхан мөрдэс зүүсэн хилчид. Тиймээс зорилгыг минь ойлгож, мэс заслын хатуу дэгтэй тасгийнхаа үйл ажиллагаатай нэгд нэгэнгүй танилцахыг зөвшөөрсөн билээ. Даваа гарагийн өглөө эмнэлгийн ажилчид 08.00 цагт нэгдэж жагсдаг байна. Мөрдэс зүүсэн, хос тангарагтай эмч нар долоо хоногийн эхний өдрийг тун цэрэгжилттэйгээр эхлүүлдэг аж. Ингээд тэдний ажил 08.30 цагт албан ёсоор эхэлнэ. Түрүүхэн цэрэг хувцастай алхаж явсан эмч нар цагаан халадаараа жигдрэн тус тусын ажилдаа шамдацгаав. Тэдний ажил эхлэхтэй зэрэгцэн миний ч ажил эхэлсэн юм. Энэ өдрийн гол хүнээр ТТАХНЭ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч, дэд хурандаа Х.Бат-Оршихыг сонгон түүний ажлын нэг өдөр, мэс заслын эмчийн ажлын онцлогийг түлхүү харуулахыг зорьсон билээ. 

1320 хүнд хагалгаа хийжээ

Мэс заслын тасагт эмэгтэйчүүд, эрүү нүүр, нүд, чих хамар хоолой, ерөнхий мэс засал гэх таван чиглэлийн дагуу хагалгаа хийдэг байна. Нийт 42 ортой тус тасаг 13 эмчтэй. Үүнээс тэргүүлэх зэрэгтэй хоёр, ахлах зэрэгтэй тав, доктор нэг, магистр хоёр, баклавар зэрэгтэй хоёр эмч, 18 сувилагч ажилладаг. Мэс заслын багийнхан өнгөрсөн онд 1320 хүнд дээрх таван чиглэлийн дагуу эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ. Харин 2020 онд уг тоо нэлээдгүй хувиар өсөх хандлагатай байгаа гэнэ. Учир нь нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Чингэлтэй дүүргийн иргэдэд мэс засал хийхээр болжээ. Мэс заслын тасгийнхан 2020 онд урологийн /бөөрний мэс засал/ эмчтэй болохоор зорьж байгаа гэсэн. Мөн  нүдний болор суулгах мэс ажилбарыг ч эмнэлэгтээ хийхээр төлөвлөөд байгаа юм.  

Эрүүл, халдваргүй орчин

Өнөөдөр даваа гараг. Тасгийн эрхлэгч тасгуудаар явж өвчтөнүүдийн биеийн байдалтай танилцахаас тухайн өдрийн ажил эхэлдэг байна. Үзлэгийн үеэр хамт явах хүсэлтэй байгаагаа хэлэхэд зориулалтын шаахай, нөмрөг өмсөж, амны хаалт зүүхийг санал болгов. Хагалгааны дараах тасаг тул элдэв бохирдол орохоос сэргийлж ийнхүү эрүүл ахуйн шаардлагыг чанга баримталдаг байна. Ингээд тасгийн эрхлэгч, эмч нарынхаа хамтаар тасгуудаар явж өвчтөнүүдийн биеийн байдалтай нэг бүрчлэн танилцаж, эмнэлгээс гарах хүмүүст хагалгааны дараах зөвлөгөөг өгөв. Мөн өнгөрсөн бямба, ням гарагт цөсний чулуу, мухар олгой авах, шулуун гэдэс тайрах таван хагалгаа хийгдсэнтэй танилцсан юм. Амралтын өдрүүдэд болон ажлын цаг дууссаны дараа яаралтай хагалгаанууд энэ мэтчилэн орж ирдэг байна. Тиймээс тухайн өдрийн жижүүр эмч нэн яаралтай хагалгаануудыг хийнэ. Мэс заслын тасгийн эмч нарын ур чадварын тухайд бүгд мэргэшжээ. Дэд хурандаа Х.Бат-Орших 2018 оныг хүртэл эмч нараа дадлагажуулахын тулд биечлэн хагалгаа бүрт авч ордог байсан бол 2019 оноос залуу эмч нар бие даан хагалгаа хийх хэмжээний ур чадварыг эзэмшсэн талаар хэлсэн юм. Гэхдээ хүний биед мэс хүргэх амаргүй. Доор хаяж 50 удаагийн хагалгаанд туслах эмчээр орж байж дадлагаждаг гэнэ. Дэд хурандаа Х.Бат-Орших тасгуудаар явахдаа өвчтөнүүдийн биед гараар үзлэг хийгээд ямар зовиур байгааг тун хялбархан оношилж, эмчлэгч эмч болоод сувилагч нартаа чиглэл өгөв. Энэ үйл ажиллагаа өглөө бүр 08.30-09.30 цагийн хооронд явагдаж хэвшсэн байна. Тус тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тухайд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн, ахмадууд, Чингэлтэй дүүргийн харьяалалтай иргэд байсан юм. Амралтын өдөр мухар олгойн хагалгаанд орсон Хилийн 0253 дугаар ангийн жолоочтой таарав.

Үзлэг дуусгаад дэд хурандаа Х.Бат-Оршихын өрөөнд саатлаа. Энэ зуурт  хагалгаанд орох өвчтөнүүдийн ар гэрийнхний хөл үл тасарна. Бүгд л “Эмчээ, одоо хэдээс орох уу?, Бид яах уу?” гэх зэргээр сэтгэл зовнисон байдалтай асууна. Харин дэд хурандаа “Энэ өдрийн төлөвлөгөөт таван хагалгаа хуваарийн дагуу орно. Санаа зовох зүйл байхгүй” гэдгийг хэлэв. Үүний зэрэгцээ эмч, сувилагч нар “Оршихоо эмчээ” гэсээр орж ирэн ажлаа ярилцаж, зөвлөгөө авах юм билээ. Энэ бүхнийг хөндлөнгөөс ажин суухад их л завгүй байдаг бололтой. Төд удалгүй түүний гар утас дуугарч яаралтай тусламжийн тасагт өвчтөн ирсэн гэв. Ингээд дэд хурандаа өөрийн биеэр яаралтай тусламжийн тасаг руу бууж, үзлэг хийгээд мухар олгойн хагалгаанд өнөөдөр оруулахаар заалт бичсэн юм. 

Амбулаторитой танилцав

Яаралтай тусламжийн тасаг руу нэгэнт буусан тул дэд хурандаа Х.Бат-Орших амбулаторийн үйл ажиллагааг танилцуулав. Дээр өгүүлсэнчлэн ерөнхий мэс заслаас гадна эмэгтэйчүүд, нүд, чих хамар хоолой, эрүү нүүрний хагалгааг давхар хийдэг тул хариуцсан эмч нартайгаа уулзуулсан юм. Гэхдээ даваа гарагт үзлэгийн цаг, дараалал ихтэй тул үйл ажиллагаатай нь тун хөнгөн танилцаад гарлаа. Нүдний эмчээр ахмад П.Саранцэцэг ажилладаг. ТТАХНЭ-т зовхины мэс засал, ухархайн хугарал, нулимсны зам нөхөн сэргээх, нүдний далавч хальс авах зэрэг мэс ажилбарыг одоогоор хийдэг байна. Ногоон өнгийг эрхэмлэсэн тус эмнэлгийнхэн үйл ажиллагаандаа техник, технологийн шинэчлэлийг аль болох өргөнөөр нэвтрүүлж байгаа аж. Тэд нүдий хараа, өнгө ялгах чадварыг электрон дэлгэцээр тогтоож байсан юм. Чих хамар хоолойн эмчээр хошууч Д.Сэргэлэн ажилладаг. Тэрбээр хамрын таславчийн муруйлт, хуучин гэмтэл засах, архаг битүүрэлтэй хүмүүсийн самалдаг тайрах, хоолойн мах авах зэрэг мэс ажилбарыг хийдэг талаар танилцуулав. Бидний дараагийн орсон өрөө бол эрүү, нүүрний мэс заслын кабинет. Дэд хурандаа Ч.Хүдэрчулуун 20 гаруй жил энэ чиглэлээр ажиллаж, өдөрт 20-30 хүнд үзлэг хийдэг байна. Давхар нүүрний гэмтэл, хугарал, хавдрын мэс заслуудыг хийдэг юм. Ингээд эмэгтэйчүүдийн кабинетад очив. Эмэгтэйчүүдийн эмч, хошууч Ш.Наранчимэг, дэслэгч М.Мөнхзаяа нартай урьд нь сониныхоо эмэгтэйчүүдийн булангаар уулзаж байсан тул ичнээ танилууд юм.   Эмэгтэйчүүдийн хувьд өндгөвчний уйланхай, үргүйдлийн оношилгоо, хоргүй зангилааг авах, давсаг сойх, умай тайрах, бүхэлд нь авах зэрэг маш нарийн хагалгаануудыг дурангаар хийдэг байна. Энэ мэт мэргэжлийн түвшинд эдгээр хагалгааг хийж байгаа талаараа танилцуулсан юм. 

Орчин үеийн эмнэлэг болсон нь

ТТАХНЭ одоогийн шинэ байраа 2016 онд хүлээн авсан. Байр объектын тухайд орчин үеийн эмнэлгийн стандартыг хангасан саруулхан өрөө тасалгаа, цэвэр орчин бүрдсэн гэж болно. Тоног төхөөрөмж нь ч тэр хэрээр сайжирсан. Тэр дундаа мэс заслын өрөө бусад улсын эмнэлгүүдэд байхгүй стандартыг хангажээ. Тус эмнэлгийн захирал асан хурандаа Ш.Жаргалсайхан мэс заслын эмч байсан тул хагалгааны өрөөний стандарт, ариун байх нөхцлийг хангасан зураг төслийг хийснээр өнөөдрийн энэ орчин бүрджээ. Өмнө нь хагалгааны өрөөний агаарын солилцооны үед бохир орж, шарх идээлэх тохиолдол мэр сэр гардаг байж. Одоо бол хагалгааны өрөөнд 100 хувь вакум орчин бүрджээ. Тасгууд ч мөн ялгаагүй. Өвчтөнүүдэд тав тухыг бэлэглэсэн гэхэд болно. Тасаг бүр дотроо шүршүүр, бие засах өрөөтэй. Нэг өрөөнд дөрвөөс дээш хүн хэвтэхгүй. Саруулхан том аж. Ийм сайхан, цэвэр цэмцгэр орчинд эмчлүүлээд гарахад өвчтөнүүдэд сэтгэл зүйн хувьд таатай мэдрэмж төрдөг бизээ. 

Хагалгаа явагдаж байна

ТТАХНЭ хагалгааны зургаан өрөөтэй. Эмнэлгийн долоон давхарт хагалгааны дөрвөн өрөө болоод эрчимт эмчилгээний тасаг байрладаг. Энд тасагт байснаас илүү ариун цэврийг чанд баримтална. Эрчимт эмчилгээний тасаг зургаан ортой. Хагалгааны дараах хүндрэл ихтэй өвчтөнүүдийг 24 цаг эмчийн хяналтан доор асарч сувилдаг байна. Харин хөнгөн мэс заслын дараа өвчтөнүүдийг сэрээх өрөөнд наркозыг нь гарах хүртэл байлгаад тасаг руу асран хамгаалагчийнх нь хяналтанд шилжүүлдэг аж. Энэ өдөр хуваарийн дагуу гэмтлийн тасгийнхан түнхний хагалгааг эхлээд хийж байсан юм. Дараа нь мэс заслын тасгийнхан цөсний чулуу, олгой авах хагалгаануудыг хийх ёстой гэнэ. Дэд хурандаа Х.Бат-Орших хагалгааны өрөөнд орохын өмнө надаас “Сэтгэл зүйн хувьд бэлэн үү? Айхгүй биз дээ?” хэмээн хэдэнтэй лавлан асууснаар хагалгааны явцад хамт байхыг зөвшөөрсөн юм. Гэхдээ тэр өрөөнд ороход шат дамжлага тун их. Эрэгтэй, эмэгтэй эмч нар тусгай чип бүхий тусдаа хаалгаар орно. Тэндээс шууд хувцас солих өрөө залгадаг юм билээ. Хувцасны тавиур дээр нэрийг нь бичиж  ариутгасан эмнэлгийн хувцас, шаахай өрөөтэй байв. Ариутгаж бэлтгэсэн хувцаснаас нэгийг нь өмсөж, толгойдоо малгай өмсөөд, амны хаалтаа солин гараа ариутгалаа. Гар угаах угаалтуур нь их сонин. Тэнд гараа ямар нэгэн зүйлд хүргэх шаардлагагүй. Гишгүүр дээр гишгэх төдийд ус гоожино. Ариун цэврийн хувьд бэлэн болсон эмч гараараа ямар нэгэн зүйлд хүрэлгүйгээр хагалгааны өрөөнд ордог аж. Хаалганы өрөө хоёр хаалгатай. Хаалга хүний дулааныг мэдрэн өөрөө нээгдэнэ. Миний төсөөллөөс дэндүү хол, бас айдас хуруулсан мэс заслын өрөөнд анх удаа хөл тавив. Хагалгааны өрөөний голд нарийхан ор байрлуулж, хажууд нь том дэлгэц суурилуулжээ. Эргэн тойрон нь кинон дээр гардаг шиг амьсгалын аппарат, зүрхний хэм, даралт хянах дэлгэц бүхий төхөөрөмж байрлана. Харин хагалгааны орны чанх дээр өнөөх вакум орчныг бүрдүүлсэн агааржуулагч байдаг гэнэ. Хагалгааны явцад хаалга онгойсон ч гадна агаар хагалгаа явагдаж байгаа хэсэг рүү нэвтэрдэггүй байна. Энэ өнөөх түрүүн хэлсэн 100 хувь вакум орчин гэсэн шүү. Эмч нар бэлэн болох даруйд сувилагч тэдэнд давхар ариутгасан халаад өмсгөв. Удалгүй хаалга дахин онгойход сувилагч, носилкин дээр өвчтнийг түрсээр орж ирсэн юм. 31 настай залуухан бүсгүй цөсний чулуугаа авахуулах хагалгаанд ороход бэлэн болжээ.

Бүсгүйн царайд өвчиндөө шаналах зовиур, эрүүл болох хүсэл, басхүү хагалгааны өмнөх айдас илэрнэ. Би ч гэсэн түүний өмнөөс сандарч бас түгшив. Харин нөгөө талаас ажилдаа гаршсан мэргэжлийн эмч нарын баг өөртөө итгэлтэй байгаа нь илхэн. Гэхдээ эмч хүн хэзээ ч өвчний өмнө ам гардаггүй учир хагалгаа эхлэхээс дуусах хүртэл тун хянамгай ажиллах нь гарцаагүй юм. Хагалгааны бэлтгэл бүрэн хангагдахад нойрсуулах эмч өвчтөнийхөө сэтгэл зүйг тайвшруулан хормын дотор унтуулж орхив. Хагалгаа эхлэхээс дуусах хүртэл нойрсуулах эмч бүсгүйн амьсгал, зүрхний цохилтыг хянах үүргийг гүйцэтгэнэ. Бүсгүй нүдээ аних төдийд ямар нэгэн өвдөлтийг үл мэдэрнэ. Хэсэгхэн зуур сайхан зүүдэнд умбаад сэрэхдээ эрүүл саруул болоод энэ хаалгаар гарч, хайртай гэр бүлдээ очно. Энэ удаагийн хагалгааг дэд хурандаа Х.Бат-Орших гардан хийх бөгөөд туслах эмчээрээ хошууч Н.Насантуяаг сонгон резидент эмчийн хамтаар оров. Хошууч Н.Насантуяа мэс заслын тасагт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай. Бас тасгийнхаа ганц эмэгтэй эмч. Ийм мундаг эмч нар энэ удаагийн хагалгааг хийж байгаа гэж бодохоор итгэл төрнө. Басхүү бүсгүйн өмнөөс сандарч зогссон сэтгэл тайвшрах шиг санагдсан юм. ТТАХНЭ 2004 оноос дурангийн хагалгааг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Одоо бол цөсний хагалгааны 95 хувийг дурангаар хийдэг гэнэ. Энэ нь хагалгааны дараах зовиур бага, бас ямар нэгэн эрсдэл дагуулахгүй зэрэг давуу тал ихтэй. Үйлчлүүлэгчийн өвчний түүх, хагалгааны үйл явц зөвхөн эмч, өвчтөн хоёрын дунд үлдэх нууц тул бүсгүйг унтахтай зэрэгцэн хагалгааны өрөөг орхисон билээ. Гэхдээ хагалгаа үргэлжлэх хугацаанд танихгүй ч гэлээ тэр эмэгтэйн төлөө, ар гэрийнхний хамтаар залбиран эрүүл энхийг хүсэв. Хагалгааны өрөөний гадна хайртай хүмүүсээ хүлээж зогссон би энэ удаад огт танихгүй бүсгүйг хүлээж суусан билээ

Эх сурвалж: time.mn