Тансаг зэрэглэлийн компаниуд “COVID-19”-тэй тэмцэхэд хандив өгч байна

Огноо: 2020-05-23

“COVID-19” цар тахлын улмаас тансаг зэрэглэлийн зах зээлийн салбарын гол арга хэмжээ, хүлээн авалтууд саатаж, томоохон дэлгүүрүүд үүдээ барьж зах зээл бүхэлдээ хямралд өртөөд байна.

Хэдий тийм боловч олон брэндүүд шинэ төрлийн “коронавирус”-ийн эсрэг тэмцэхэд дэмжлэг болох томоохон хандив, санаачилгыг зарласаар байна.

Тухайлбал: тавдугаар сарын 14-нд Швейцарын “Urwerk” компани цахим дуудлага худалдаа зохион байгуулж “Fight-C19” гэж бичсэн “Ur-100 Gold” загварын бугуйн цагнаас 25 ширхгийг худалдаалжээ. Улмаар 81 мянга 200 фунт стерлинг босгож Их Британийн Ливерпулийн анагаах ухааны сургуульд хандивласан байна.

Мөн “Breitling” компани “Superocean Heritage ’57” загварын бугуйн цагаа танилцуулж 1000 ширхгийг үйлдвэрлэсэн бөгөөд нэг бугуйн цаг тутмаас олох ашгаас тодорхой хувийг цар тахалд хамгийн их хохирол амссан улс оронд дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тус компани нийт 420 мянган фунт стерлинг хандивлана.

Түүнчлэн “Dolce & Gabbana” шинэхэн гар цүнхний загвараа танилцуулсан ба цахим борлуулалтаас олсон ашгийн тодорхой хувийг “Humanitas” их сургуулийн вакцин хөгжүүлэлтийг санхүүжүүлэхэд зориулахаа мэдэгджээ.

Харин “Hermes” компани Парисын эмнэлэгт 20 сая евро болон 30 тонн гаруй гар ариутгагч, 31 мянга гаруй амны хаалт хандивлахаар болжээ.

Үүнээс гадна “LVMH” ,”Prada”, “Hugo Boss”, “Versace”, “Burberry” зэрэг тансаг зэрэглэлийн зах зээлийн тэргүүлэгч компаниуд олон улс даяар шинэ төрлийн “коронавирус”-тэй тэмцэх хөдөлгөөнөө эрчимжүүлж байна.

Б.Энхжин
Эх сурвалж: Bloombergtv.mn