Нэг америк доллар 2808 төгрөгтэй тэнцэв

Огноо: 2020-05-23

Арилжааны банкууд нэг америк долларыг 2808 төгрөгөөр худалдаж байна. Харин Монголбанкны зарласан ханш 2801 төгрөг байгаа юм.

Энэ долоо хоногийн ханшийг хөдөлгөөнийг харвал долоо хоногийн эхэнд буюу даваа гарагт Монголбанкны зарласан ханш 2798 төгрөг байв.

2015 онд Худалдаа, хөгжлийн банк өөрийн эзэмшлийн Засгийн газрын дотоод үнэт цаасаар баталгаажсан, 5 жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бонд гаргасан. Тус банк даваа гарагт энэ бондоо 100 хувь өөрийн эх үүсвэрээр төлснөө мэдэгдсэн юм.

Валютын захтай холбоотой бас нэг мэдээлэл нь ОУВС манай улсад 99 сая ам.долларын санхүүжилт үзүүлэх шийдвэр байв.  Тодруулбал Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг энэ сарын 11-13-нд эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр Ковид-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.