Турк улс 31 оронд хилээ нээжээ

Огноо: 2020-05-21

Турк улс тавдугаар сарын 20-ны өдрөөс 31 орны иргэдэд хилээ нээж өгчээ. Гадаадын иргэд аялж зугаалах бус зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ  авах зорилгоор тус улсыг зорих боломжтой юм байна. 

Гаднын иргэд зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой

31 улсад: Ирак, Ливи, Азербайжан, Гүрж, Туркменистан, Узбекистан, Казахстан, Грек, Украйн, Орос, Жибути, Алжир, Косово, Македони, Албани, Босни Герцеговин, Румын, Серб, Болгар, Молдав, Сомали, Кувейт, Катар, Бахрейн, Оман, Герман, Их Британи, Нидерланд, Пакистан, Киргизстан, Умард Киприйн Бүгд найрамдах Турк улс багтаж байна.

Одоогоор далайн эрэг орчмын амралтт зугаалгын газрууд жуулчдад хаалттай байгаа бөгөөд Турк гаднын иргэдийг үе мөч, гэмтэл, хүүхдийн мэс засал, бөөр шээсний замын өвчин, нүд, зүрх судасны мэс засал, мэдрэл зэрэг олон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой гэнэ.

Онгоц зөвхөн Истамбул, Анкарагийн онгоцны буудал руу нисэх ба өвчтөнтэй хамт хоёр хүн дагаж явах боломжтой аж. Зорчигчид коронавирусгүй гэдгээ нотлох баримттай ирэх эсвэл Туркэд ирээд төлбөр төлж шинжилгээнд хамрагдах боломжтой гэнэ. 

Хилээр нэвтэрсний дараа өвчтөн болон дагаж явж байгаа хүмүүс шууд эмнэлэгт очиж, эмчилгээний хугацаанд тэндээ байрлах ёстой аж. Туркийн эмнэлгүүдэд гадаад улсын иргэдэд зориулж тусгай бүс, тусдаа шат гаргаж өгөх юм байна. 

Турк улсад коронавирусийн халдварын нийт 152 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн ба 4200 гаруй хүн нас барж, 113 мянган хүн эдгэрчээ.

Эх сурвалж: ВВС