Шинэ коронавирусийн тархалт дөрөвдүгээр сард буурна гэж таамаглажээ

Огноо: 2020-02-12

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын төв болоод байгаа Хятадын Хубэй мужид өчигдөр 94 хүн нас барж, 1,068 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн тухай тус мужийн албаныхан мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 4-нд Хубэй мужид халдварын 3,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байсан юм. Өчигдрийн халдварын тоо нь нэгдүгээр сарын 31-нээс хойш бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болж байна.

Тиймээс Хятадын судлаачид шинэ коронавирусийн тархалт оргил үедээ хүрэх хугацааг энэ сарын сүүлээр, буурч эхлэх хугацааг дөрөвдүгээр сард гэж математик загварчлалын аргаар тооцоолжээ.

Гэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага аюул холдох болоогүйг өчигдөр анхааруулсан байна.

Шинэ вирусийн өвчлөлд Covid-19 гэсэн албан ёсны нэр өгснөө зарласан ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “Вирус нь ямар ч террорист халдлагаас илүү улс төр, нийгэм эдийн засагт хохирол учруулах хүчтэй зүйл. Энэ бол хүмүүсийн төсөөлж чадах хамгийн аюултай дайсан юм” гэж мэдэгджээ.

Тэр бас шинэ коронавирусийн эсрэг анхны вакцин гарахад 18 сарын хугацаа шаардлагатай байгааг энэ үеэр мэдээлсэн байна.

Өнөөдөр өглөөний байдлаар коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахин 44,794, нас барсан хүмүүсийн тоо 1,112 хүрчээ.

Эх сурвалж: Reuters