Энэтхэгт хөл хориог сунгалаа

Огноо: 2020-05-18

Энэтхэгт коронавирусийн тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хориог энэ сарын 31 хүртэл дахин хоёр долоо хоногоор сунгажээ. 

Засгийн газар дэлхий дээрх хамгийн өргөн хүрээг хамарсан хөл хориог дөрөв дэх удаагаа сунгаж буй нь энэ юм.

Гэхдээ халдварын тархалт бага бүртгэгдсэн хотуудад хөл хориог сулруулж, зарим бизнесийн үйл ажиллагааг нээхийг зөвшөөрчээ. Боловсролын байгууллагууд, зоогийн газар, цэнгээний газар, кинотеатр, томоохон худалдааны төвүүд хаалттай хэвээр байж, нислэг, галт тэрэг, метроны үйлчилгээг үргэлжлүүлэн зогсооно.

Муж болгон өөрсдийн нөхцөл байдалд тохируулан өнөөдрөөс /2020.05.18/ эхэлж хөл хориог сулруулах юм байна. Учир нь коронавирусийн цар тахал эдийн засагт ихээхэн хохирол учруулж, олон мянган хүн ажилгүй болж, хүнд нөхцөл байдал үүссэн. Тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 24-нөөс сургууль, нийтийн тээвэр, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон билээ.

Энэтхэгт сүүлийн мэдээллээр халдвар авагсдын тоо 95 мянга, нас барагсдын тоо 3025 болсон байна. Харин 36 мянган хүн бүрэн эдгэрчээ. 

Эх сурвалж: BBC, NHK