Маскны хомсдолд иргэд буруугүй

Огноо: 2020-02-12

Дэлхий  дахиныг айдаст автуулаад буй коронавирусээр өвчлөгсдийн тоо минут, секундээр нэмэгдэж буй.  Энэ цаг үед халдвараас хамгаалах гол хэрэгсэл нь амны хаалт, гар ариутгагч. Гэвч улс орнуудад  энэхүү хамгаалах хэрэгслийн хомсдол үүсээд байна.

 Монголд ч бас амны хаалт, гар ариутгагчийн эрэлт огцом нэмэгдэж, эмийн сангуудаар маск асуусан олны хөл тасрахгүй байна. Улсын хилээр энэ оны нэгдүгээр сард 68.7 мянган амны хаалт импортлогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй эрэлт нь өссөнийг харж болно. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сард 509 мянган амны хаалт импортолсон  гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар Монгол Улсад Турк, БНСУ зэрэг долоон улсаас 16 аж ахуйн нэгж, 10 гаруй хувь хүмүүсийн импортолсон нийт 1.5 сая ширхэг амны хаалт орж ирсэн байдаг. Харин улсдаа цор ганц маскны үйлдвэр хэмээх “Мөнхийн тун” ХХК  өдөрт 30-35 мянган маск үйлдвэрлэх хүчин чадалтай, хоногт 24 цагаар ажиллаад ч дотоодынхоо маскны хэрэгцээг хангаж хүчрэхгүй байгаа нь нууц биш. Хэдийгээр Эрүүл мэндийн яаманд гадаад дахь монголчууд, аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүс амны хаалт хандивласаар байгаа ч иргэдэд хүрэлцэхгүй  байгаа нь үнэн. Ийм байхад амны хаалт зүүхийг иргэдээс шаардах нь утгагүй зүйл.

Өнөөдөр гадуур алхаж яваа гурван хүн тутмын нэг нь амны хаалттай. Энэ нь Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэж тайвширсандаа бус эмийн сангуудад  нүдний гэм болсон амны хаалтыг зүүж чадахгүйд л асуудал буй. Тиймээс “Мөнхийн тун” ХХК маскны үйлдвэрийн ачаанаас үүрэлцэхээр  Цэргийн оёдлын “Бөртэ” үйлдвэр, Хил хамгаалах ерөнхий газрын 288 дугаар анги, ШШГЕГ, ЦЕГ-ын оёдлын үйлдвэрт ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу амны хаалт үйлдвэрлэхээр болсон. Уг шийдвэрийг Улсын онцгой комиссын хуралдаанаар гаргасан билээ. Магадгүй энэ жишгээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, амны хаалт үйлдвэрлэхэд импортын маск хүлээж суух шаардлагагүй, дотооддоо эрэлт хэрэгцээгээ хангах боломжтой.

ДААВУУН МАСК ҮЙЛДВЭРЛЭХЭД ДОТООДЫНХОО ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЧАДНА, ГЭВЧ…

Дэлхий нийтээр маскны хомсдолд орсон энэ үед Монгол Улсад маскны нийлүүлэлт нь байгаа ч эрэлтээ дийлэхгүй байна гэдгийг  Эрүүл мэндийн яамнаас онцлов. Гэхдээ монголчууд импортын маск хүлээлгүй, дотоодынхоо хэрэгцээг өөрсдөө хангах бүрэн боломжтой хэмээн үзэж байна. Коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэхийн тулд Эрүүл мэндийн яам эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хангах, эрүүл мэндийн байгууллагуудын маскны хэрэгцээг хангах талаар бодлого баримтлан ажиллаж байгаа аж.

ЭМЯ-ны эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.ЦЭЦЭНСАНАА: 

-Дэлхий нийтээр маскны хомсдол үүссэн энэ үед зарим улс орнууд экспортоо зогсоосон нь эрэлтийг улам нэмэгдүүлээд байна. БНХАУ-д маскны эрэлт хэрэгцээ маш их байгаа. Монгол Улсад өнөөдрийн байдлаар маск үйлдвэрлэдэг хоёр компани үйл ажиллагаа явуулж байна. Нэг удаагийн амны хаалт болон N95  маск үйлдвэрлэж, эмийн сан, эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээг хангаж байна. Түүнчлэн, Казахстан, Турк улсаас маск импортолж, эмийн сангуудад нийлүүлдэг. Эрүүл мэндийн яаманд аадаад дахь монголчууд, аж ахуй нэгж байгууллагууд маск хандивлаж байна. Мөн иргэд өөрсдийн оёсон даавуун маскыг хандивлах болсон.

Бид иргэдийнхээ хандивласан маскыг эрсдэлтэй бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй тараана. Гэвч маскны нийлүүлэлт эрэлтээ дийлэхгүй байгаа нь үнэн. Эрүүл мэндийн яамнаас эмч, эмнэлгийн ажилтнуудаа нэг удаагийн болон N95 маскаар хангах тал дээр анхаарал хандуулж бодлого баримтлан ажиллаж байна.

Учир нь эрсдэлтэй нөхцөлд ажиллах хүмүүсээ бид эм, эмнэлгийн хэрэгслээр хангаж, аюулгүй байдалд нь анхаарч, нөөц бүрдүүлэх нь чухал. Тиймээс эм ханган нийлүүлэх байгууллагуудад энэ чиглэлээр тогтоомж хүргүүлэн ажиллаж байна. Харин иргэдийн хувьд даавуун маск оёж зүүх боломжтой тул импортын нэг удаагийн маск хүлээх, эрэлт үүсгэхгүйгээр дотоодынхоо маскны хэрэгцээг хангах боломжтой. Бидний зүгээс иргэдэд халдварт өвчний эрсдэлээс сэргийлэх чиглэлээр маск олдохгүй бол өөрсдөө оёж зүүхийг уриалж байна.  Энэ ч үүднээс Улсын онцгой комиссын хурлаар Цэргийн оёдлын “Бөртэ” үйлдвэр, Хил хамгаалах ерөнхий газрын 288 дугаар анги, ШШГЕГ, ЦЕГ-ын оёдлын үйлдвэрт ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу  амны хаалт оёж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг болгосон шүү дээ. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас өөрсдийн санаачилгаар 4000 даавуун маск Эрүүл мэндийн яаманд хандивласан гэлээ.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ДОТООДЫНХОО ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАЖ ЧАДНА

Хэдийгээр салбарын яамнаас эм, эмнэлгийн хэрэгслийн маскны хэрэглээ, нөөцөд анхаарч буй ч үндэсний үйлдвэрлэгчид санаачилгаараа маск үйлдвэрлэж иргэдэд үнэ төлбөргүй тарааж буй нь сайшаалтай. Жишээ татахад, Lustre брэндийнхэн хоногт 100 маск үйлдвэрлэж иргэдэд тарааж байгаа юм. Тус брэндийн менежер Т.Сарангэрэл “Гадуур маскны эрэлт маш их байна. Эмийн сангуудаар нэг удаагийн маск олдохгүй байна. Тиймээс бид өөрсдөө маск үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангах зорилгоор туршилтаар хөвөн даавуун маск 100 ширхгийг үйлдвэрлэж, дэлгүүрийнхээ пэйж хуудсаар дамжуулан иргэдэд үнэ төлбөргүй тарааж байна. Импортын маск хүлээлгүй, үндэсний үйлдвэрлэгчид бид маск өөрсдөө хийж, дотоодынхоо хэрэгцээг хангах бүрэн боломжтой” гэлээ.

Эмийн сангуудад нэг удаагийн маскны хомсдол үүссэн тул зарим иргэд эмийн санд өөрсдөө оёсон маскаа нийлүүлэх болжээ. Тухайлбал, “Тайжийн гүнж” эмийн санд гэртээ хүүхдээ хардаг нэгэн ээж даавуун маск оёж нийлүүлдэг байна. Даавуун маск 1500 төгрөгийн үнэтэй болохоор нэг удаагийн амны хаалтаас илүү мөнгөнд хэмнэлттэй  хүмүүс дуртай авдаг, олон удаа ашиглах боломжтой гэдгийг эмийн сангийн эм зүйч хэлж байсан юм.

АМНЫ ХААЛТ ОЛДОХГҮЙ БАЙХАД ЯАЖ ЗҮҮХ ВЭ?

Эрүүл мэндийн байгууллагаас иргэд маск зүүлгүй тайвширч болохгүй, гадуур амны хаалт зүүхгүй яваа нь хувь хүний хариуцлагын асуудалтай холбон тайлбарлах болсон. Харин  амны хаалтгүй яваа иргэдийн зүгээс “Эмийн санд амны хаалт олдохгүй байхад яаж маск зүүх билээ” гэдгээ учирлав.

Иргэн Г.БАТХОЛБОО: 

-Эмийн сангуудаар нэг удаагийн амны хаалт олдохгүй байна. Шүүлтүүртэй нь 4000 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ хүүхдийнх болохоор гадуур зүүхэд тохиромжгүй. Би өчигдөр хотын төвөөр гэрийнхээ ойролцоох эмийн сангуудаар нэг удаагийн амны хаалт сураглаад байхгүй байна билээ. Хэрвээ маск зарж байсан бол  өдийд масктай л гадуур явах байлаа. Уг нь монголчууд өөрсдөө маскаа хийгээд дотоодынхоо хэрэгцээг хангаж чадна гэж боддог.

Иргэн А.БАТЗОЛБОО: 

-Эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт маш ховор байна билээ. Маскны хангамж муу байна. Тийм болохоор л гадуур маскгүй хүмүүс олон байгаа юм биш үү. Хэрвээ эмийн сангуудад маск нь хангалттай байвал хэн гэсэн эрүүл мэндээ бодно, амны хаалтаа зүүнэ.

Иргэн О.ЧИНГҮҮН: 

-Эмийн сангуудад амны хаалт олдохгүй байна. Амны хаалт асуухад байхгүй гэж хэлсэн атлаа нөөцлөөд худалдахгүй байгаа юм шиг л санагдсан. Орон нутагт ч бас амны хаалт олдохгүй байна билээ. Өвөрхангай, Баянхонгорт очиж үзсэн, амны хаалт байгаагүй. Ер нь нэг удаагийн амны хаалтаас гадна шүүлтүүртэй нь ч бас олдоц муу байна билээ. Гадаадад амьдарч буй хүмүүс сайн дураараа маск эх орондоо илгээж байхад хил гаалийнхан нэвтрүүлэхгүй гэсэн үл ойлголцол гарч байна. Уг нь бол бид өөрсдөө даавуун маск хийвэл дотоодынхоо хэрэгцээг хангаж чадна гэж боддог.

Иргэн: 

-Амны хаалт асуухаар л эмийн сан орох гэж явна. Хүүхдүүд маань гадуур амны хаалт олдохгүй байна гэж ярих юм. Одоохондоо даавуун маск зүүсэн. Угааж, индүүдээд дахин хэрэглэж болно. Маск олдохгүй байгаа ийм үед хөвөн даавуун материалаар өөрсдөө ч маскаа үйлдвэрлээд гадуур худалдаалах боломж нь байгаа шүү дээ гэлээ.

Эх сурвалж: Б.Цэцэг