Дэлхийн 213 оронд тархсан “COVID-19”-ийн эдийн засагт үзүүлж буй ДАРАМТ

Огноо: 2020-04-27

Дэлхийн түүхэнд “COVID-19” цар тахал шиг хэдхэн сарын хугацаанд 213 орныг хамарч тархсан гамшиг урьд өмнө тохиолдож байгаагүй. Коронавирусийн аюул дэлхийн эдийн засагт асар их хор хөнөөл үзүүлж байна.  

2020 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БНХАУ-ЫН ГАДААД ХУДАЛДАА БУУРАВ

БНХАУ НҮБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн аж үйлдвэрийн 39 үндсэн ангилал, 525 дэд ангилал бүгд бүрэлдсэн дэлхий дээрх цорын ганц аж үйлдвэржсэн орон юм. 2018 оны байдлаар

  • БНХАУ дэлхийн аж үйлдвэрлэлийн 30 хувийг үйлдвэрлэж байгаа бол
  • АНУ 17 хувь,
  • Япон 7 хувь,
  • Герман 6 хувь байна.

Тиймээс БНХАУ-ыг “Дэлхийн үйлдвэр”, дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр гэж нэрлэдэг. Тэгвэл коронавирус Хятадын эдийн засагт хэрхэн нөлөөлсөн бэ.

2020 он бол Ши Зиньпиний дэвшүүлсэн ядуурлаас ангижрах дундаж чинээлэг нийгмийг бий болгох зорилтыг биелүүлэх сүүлийн жил байв. Мөн 2010 оны ДНБ-ийг 2020 онд нэг дахин нэмэгдүүлэх зорилтын жил байсан юм. Энэхүү том зорилтыг хангахын тулд БНХАУ 2020 онд эдийн засгаа 5.6 хувь өсгөх шаардлагатай гэж тус улсын эдийн засагчид үзэж байв.

БНХАУ НҮБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн аж үйлдвэрийн 39 үндсэн ангилал, 525 дэд ангилал бүгд бүрэлдсэн дэлхий дээрх цорын ганц аж үйлдвэржсэн орон юм.

Гэвч тус улсад коронавирус эрчимтэй тархсаны улмаас 2020 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулахаас аргагүй байдалд хүр̆сэн. 2020 оны эхний хоёр сарын байдлаар

  • БНХАУ-ын өргөн хэрэглээний барааны худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 20.5 хувь,
  • Үл хөдлөх хөрөнгийн худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 24.5 хувь,
  • Аж үйлдвэрийн салбарын өсөлт өмнөх оны мөн үеийнхээс 13.5 хувь,
  • Үйлчилгээний салбарын өсөлт өмнөх оны мөн үеийнхээс 13 хувь,
  • Авто машины борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 86 хувиар тус тус буурчээ.

Оны эхний хоёр сард 18 сая гаруй компани аж ахуйн нэгжүүдийн 300 гаруй сая хүн алсын зайнаас ажлаа явуулсан байна. 2020 оны эхний улиралд БНХАУ-ын гадаад худалдаа 6.4 хувиар буурч, 6 их наяд 570 тэрбум юань байгаа талаар мэдээлэв.  

22 ИХ НАЯД АМ.ДОЛЛАРЫН ЭДИЙН ЗАСАГТАЙ АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ ХЭРХЭН СЭРГЭХ ВЭ

Цар тахлын шинэ голомт болсон энэ цаг үед АНУ дахь ажилгүйдэл дээд түвшинд хүрч 13 хувь болсон нь Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн тааруу үзүүлэлт болжээ.  Энэ оны II хагаст энэ тоо 30 хүртэл хувь болон өсөх магадлалалтай байгаа аж. Өнөөгийн байдлаар америкчуудын 80 хувь нь хөл хорионд оржээ. Үүнээс үйлчилгээний салбар, үл хөдлөх хөрөнгө, боловсролын салбар зогсонги байдалтай орж, нийт хүн амын 73 хувийнх нь орлого буурсан байна. Эдийн засгийн энэхүү хямралын эсрэг арга хэмжээ авч улсын эдийн засгийг тэтгэх зорилгоор зорилгоор АНУ-ын Конгресс түүхэн дэх хамгийн их хэмжээний буюу 2.2 их наяд ам.долларын санхүүжилтийг  гуравдугаар сарын 28-нд баталсан.

Үүнээс, насанд хүрсэн хүн бүрд 1200 ам.доллар тараах, хот мужуудын аж ахуйн нэгжийн зээлийн хөтөлбөрийн санд 500 тэрбум ам.доллар, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 367 тэрбум ам.доллар, эмнэлэг болон ажилгүйдлийн даатгалын сангийн өргөтгөлд 130 тэрбум ам.долларыг зарцуулахаар тус тус төлөвлөөд байна.  

АНУ-ын Конгресс түүхэн дэх хамгийн их хэмжээний буюу 2.2 их наяд ам.долларын санхүүжилтийг  гуравдугаар сарын 28-нд баталсан.

Шинжээчдийн үзэж байгаагаар хохирлыг барагдуулахад үүнээс илүү их санхүүжилт шаардагдана гэв. 22 их наяд ам.долларын эдийн засагтай АНУ-ын хувьд эдийн засгийг буцаан хэвийн байдалд оруулахад багагүй хугацаа шаардах байх.  

БНСУ ЭНЭ ОНД 3.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЭКСПОРТЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭНЭ  

Өмнөд Солонгосын томоохон эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судалгаагаар энэ онд БНСУ хамгийн багадаа нь 3.2 тэрбум, Хятад 50 тэрбум ам.долларын экспортын алдагдал тус тус хүлээнэ гэв. Энэ оны гуравдугаар сарын байдлаар БНСУ-ын экспортын бүтцийг авч үзвэл цахилгаан бараа үйлдвэрлэл 4.4 тэрбум ам.доллар, авто машин үйлдвэрлэл 3.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс эрс буурсан үзүүлэлттэй гарчээ. Хамгийн их уналттай бизнесийн салбарт агаарын тээвэр -57 хувь, кино театр -71 хувь, тоглоомын төвүүд -84 хувьд, зочид буудал -25 хувь, хоолны газрууд -14 хувийн үзүүлэлттэй байна. 

COVID-19: ОЛОН УЛСЫН СУРГАМЖ БА МОНГОЛ УЛС

Монгол Улс 2020 онд 11.8 их наяд төгрөгийн орлого олохоор тооцсон. Үүнийхээ гуравны нэгийг уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрдүүлэхээр тооцож байв. Гэвч коронавирусийн халдварын тархалтын улмаас уул уурхайн бүтээгдэхүүний улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 212.6 тэрбум төгрөг буюу 31.9 хувиар буурчээ. Энэ оны эхний гурван сарын гүйцэтгэлээр улсын төсөвт 454.3 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Алт                           20.7 тэрбум төгрөг,
  • Нүүрс                       171.1 тэрбум төгрөг,
  • Цайр                         6.8 тэрбум төгрөг,
  • Зэс                            217.0 тэрбум төгрөг,
  • Төмөр                       17.4 тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш          4.6 тэрбум төгрөг,
  • Бусад                        16.7 тэрбум төгрөг.

Эдийн засгийн салбарт жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол үүсэж, дампуурах эрсдэлийг бий болгосоор байна. Тухайлбал МҮХАҮТ өнгөрсөн гуравдугаар сард 1500 гаруй компаниас шинэ коронавирусийн ажлын байранд үзүүлэх нөлөө судалгааг авсан бөгөөд ажлын байранд нөлөөлж байна гэж үзэж буй компаниуд 30 хувьд хүрээд байна.   

Мөн Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсээс энэ оны эхний гурван сарын байдлаар экспорт болон импорт хэрхэн буурсан судалгааг гаргажээ. 

Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 2.197.4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 28 хувиар буюу 860 сая ам.доллараар буурсан байна.

Импорт экспортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 125 сая ам.доллараар сөрөг гарсан байна. 

Үүнээс гадна “COVID-19”-оос шалтгаалан ноолууран бүтээгдэхүүний экспорт буурч, удахгүй улирал нь эхлэх аялал жуулчлалын салбар бүрэн зогсох эрсдэл тулгарч байна. 

Дэлхийн санхүүгийн зах зээл, газрын тосны үнийн огцом уналт зэргээс ам.долларын ханш улам чангарч байгаа нь дэлхийн ихэнх улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн.

Энэ үзэгдэл Монгол Улсын хувьд ч давтагдах магадлалтай. Иймд мөнгөний бодлогоор мэргэшсэн судлаач, эдийн засагч нар уг асуудлыг нарийвчлан судалж, гарч болох эрсдэлийг эртнээс тооцоолох шаардлагатай болж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэн